
Монгол өвгөдийн хар ухаан гэж нэг философи бий. Нэг талаасаа бол шинжлэх ухаан, нөгөө талаасаа харвал төрийн хар хайрцагны бодлогоос дутахгүй зүйл. Энэ нь хүүхдээ хүн болгох бодлого. Тийм болоод төрсөн эх дээр очоод “хүнээр хүн хийх хэцүү шүү. Сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд их зүйлийг туулна аа “ гээд байдаг нь үнэн ажээ. Тэд өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал, харсан үзсэн зүйл, юунд анхаарах талаар амьдралын ухааныг залахад тус болох мэргэн цэцэн, ухаалаг зүйр үгийг хэлж захиж үлдээжээ.
Хүүхдийн хүмүүжлийн тухай гэхэд, “Эх нь шийр алаг бол унага нь шийр алаг”, Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу”, Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” , “Хүүхдэд хар муу зүйл бүү харуул, нүд нь гэмтчихнэ” гээд тоочоод байвал амьдралд тун чиг хэрэгтэй энгийн хэрнээ дуусашгүй, дундаршгүй ур ухааныг өвлүүлжээ. Тэгвэл бид өвөг дээдсийнхээ үгээс зөрөөд юу сонсч юу үзэв. Бараг үзэг цаас нийлүүлэхэд халширмаар санагдлаа.
“Товч “mn сайтын бэлтгэн хүргэсэн мэдээллийг бүрэн эхээр нь сонслоо. Хохирогч эмэгтэйн үзсэн тэр гашуун зовлон энэ яваа насанд нь дуусахгүй. Учир нь түүнийг хүчирхийлэгчид бүсгүйн бие махбодиос илүү зүрх сэтгэлийг нь онгичин сийлж, хүний ёсноос гаж үйлдлийг олноороо хийсэн нь бүсгүйг зүгээр “амьд сүг “ болгоод орхичихжээ. Би өөрийнхөө биеийг танихгүй байсан, шууд гараад амиа хорломоор санагдсан,хамт байсан ангийн хоёр охин яагаад намайг өмөөрөөгүй юм бэ, хальт ухаан ороход ангийн хөвгүүд жагсаад зогсчихсон байсан, дахиад ухаан балартсан. Хувцасаа өмсөөд автобусанд суух үед нулимс тасралтгүй урсч байлаа. Яагаад тэр үедээ цагдаа эмнэлэг рүү яваагүйдээ одоо ч харамсдаг. Гүн шоконд орсон байсан. Тэр үед надад хэн ч туслаагүй. Ийм хүнд байдлыг арайхийж давчихаад хичээлдээ очиход зөрсөн хүн бүхэн над руу чичлэн харж доог тохуу хийж байлаа. Уг нь би хохирогч болсон байхад намайг гэмт хэрэгтэн шиг харж, шоолж, даапаалж бусдад тарааж явсан ангийн тэр охин. Энэ тухай бодох тусам амьд явах хүсэлгүй болдог. Нэг ангийн хөвгүүд (долоон хөвгүүд) ангийнхаа охиныг бүлэглэн хүчиндчихээд байхад өнөөдрийг хүртэл хуулийн байгууллага арга хэмжээ авахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож буцаасан. Тиймээс хамгийн эцсийн зам бол хэвлэлд хандах байсан юм. Үнэнийг тогтоолгохын тулд өөрийн нүүрээ нуухгүй, хүчирхийлэгчид хуулийн дагуу шийтгүүлэх ёстой” гэсэн юм. Энэ бүсгүйн яриа бодит факт мөн үү, мөн. Тэгвэл яагаад өдий хүртэл бүтэн 9 жилийн турш хохирогчийг дахин хохирогч болгоод байгаа юм бэ. Хүчирхийлэгчид 2011 онд СУИС-ийн дэргэдэх Соёлын сургуульд суралцаж байсан оюутнууд байна. Цэцэг цэврүү шиг 19 хөн настай охины амьдралыг бүрэн утгаар нь сүйрүүлчихээд өнөөдөр тэд юу ч болоогүй мэт амьдарч, ажиллаж, идэж ууж , унтаж хэвтэж явна. Энэ бидний байгуулсан нийгэм үү. Хүнээ хайрладаггүй харгис энэ нийгэмд хэчнээн олон хохирогч хаалганы цаана мэгшин уйлж, өөрийгөө тусгаарлаж, амьдрах эрхээ алдав. Бүх баримт нь бодит байхад хуулийн байгууллага ямар арга хэмжээ авсан юм бэ. Хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн байгууллага, хууль санаачлагчид гэж өөрсдийгөө өргөмжлөх дуртай УИХ-ын гишүүд, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ёстой эмэгтэй УИХ-ын гишүүд та нар нээрээ хаана яваа юм бэ. Хааяа гадаад явахаараа гайхуулж зураг хөргөө тавьсан харагдах юм.
Өнөөдөр мэдээллээ олон нийтэд хэлснийх нь төлөө хохирогч бүсгүй асар их дарамт шахалтад ороод байгаа гэсэн шүү. Тиймээс энэ бүсгүйг дахин хохирогч болгохгүйн тулд цагдаагийн байгууллага хамгаалалтад авч, хүчирхийлэгчдийг дахин хүчирхийлэл үйлдэхээс өмнө хуулийн заалтын дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Аливаа гэмт хэргийг гарсных нь дараа биш гарахаас өмнө гэсэн арга хэмжээ гэж байдаггүй юм уу?
Хүний ёсноос гажууд үйлдэл гарсан маш олон гэмт хэрэг сүүлийн үед эрс нэмэгдсээр байхад сошиалын хөөсөнд нэг сэвүүлээд дараа нь мартдаг энэ эргүү тогтолцоогоо халж, эрүүл, шударга, тэнцвэртэй хуультай болмоор байна.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026.01. 22 өдөр
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.