
Морь жилд морьтой явна. Шинийн арван тавандаа багтаж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, монгол омогшил бахархлыг төрүүлж яваа сүмо бөхийн их аваргаа дэргэдээс нь харж, дэлгэцээс сүмогийн дэвжээ харж байсан бол энэ удаа тэдэнтэйгээ хагас өдрийг хамтдаа өнгөрөөсөн ховор боломж тохиолоо. Тийм болохоор үүнийгээ үлдээмээр санагдаж, өөрт төрсөн сэтгэгдлээ бичье. Харин миний бичвэрт буруу зүйл бичигдсэн бол спортын сэтгүүлчид болон сүмо сонирхогчид уучилж өршөөгөөрэй. Спорт гэдэг аугаа зүйлийг дуртай бүхэн бичдэггүй, мэргэжлийн спортын сэтгүүлч гэж тусдаа бэлтгэгдэж явдаг юм. Миний хувьд боломж олдоод бичсэн төдий шүү, спортынхон минь.
ЭЛСИЙГ ТОЛЬ МЭТ БОЛГОВ
Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Осака хотод 3 сарын 6-ны өдөр эхлэх Хаврын башёгийн банцүкэг албан ёсоор зарлаад байгаа юм. Тодруулж хэлбэл, 2026 оны Харү башёгийн банцүкэ гарсан гэсэн үг.
2025 оны сүүлийн, 2026 оны эхний башёд дараалан түрүүлсэн Украин бөх “ Ажигава” дэвжээний шинэхэн озэки Аанишики цүнатори буюу Ёкозүна цолны төлөөх башё юм. Энэ дэвжээнд Монголын Хошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн аваргаар манлайлуулсан 23 сүмоч таван зиндаанд хүч үзэх юм. Мөн Дархан аварга Г. Өсөхбаярын хүү Исэгэхама дэвжээний бөх Тошинофүжи Ө. Дэмиджамц Монголын 43 дахь сэкитори болж жүрёо зиндаанд 15 барилдаан хийнэ. Монголын сүмочид Осакагийн дэвжээнд барилдах дуртай, манай сүмогийнхонд ээлтэй гэдгээрээ алдартай аж. Тиймээс дэвжээний бэлтгэл үйл явц хэрхэн болж өнгөрдөг талаар сүмочид өөрсдөө бодитоор танилцуулж буй нь энэ.
Гаднаасаа харахад цэцэрлэгт хүрээлэн мэт харагдавч дотроо хийдтэй, хуучин цагийн япон орныг санагдуулсан дотно мэдрэмж төрүүлсөн газарт сүмогийнхон бэлтгэлээ хийдэг аж. Цагаан даавуугаар бүтээсэн том ч биш, жижиг ч биш асар байх. Үүдээр нь том биетэй сүмочид бэлтгэлээ хийж харагдана. Харин цагийн зүү өглөөний 10 цагийг заах үед тэд дэвжээгээ тойрч зогсоод бэлтгэл албан ёсоор эхэлснийг илтгэв. Үсээ дээшээ боосон олон сүмоч дунд хоёр халимагтай сүмо харагдсан нь шинэ сүмоч юм болов уу гэж бодогдсон. Дэвжээний бэлтгэл гэж зүгээр нэг бие биеэ түлхээд байдаг хэрэг огтхон ч биш агаад тэнд жинхэнэ “тулаан “ явагдаж байна. Биеийн хүчээр биш сэтгэлийн хүчийг энд уралдуулах ажээ. Сүмогийн хатуу дэг жаяг бэлтгэлийн үеэр ч үйлчлэх юм. Битүү дэвссэн шаргал элсийг толь мэт болгох нь бэлтгэлийн гол үндэс мэт. Элс шархирч дуугарахгүй ч хүчит сүмочдын эр бяр энд шингэхдээ тэдний хөлс, хөдөлмөр, сэтгэл зүй зөвхөн энэ элсэнд шингэн уусч, тэдний алдар гавьяа, алдаа оноог дэнсэлдэг “амьд элс” мэт санагдав. Хэчнээн олон сүмочдын амьдралын зам мөр энэ элсний ширхэг бүрт шингэж ууссаныг хэн ч таашгүй.
Сүмо гэдэг чинь жингийн биш, сэтгэл зүйн бясалгалаар давж явдаг гайхалтай спорт гэдгийг мэдрүүлэв. Бэлтгэлд хүрэлцэн ирсэн сүмочдын бие хаад олон сорви тогтож эдгэрсэн, заримынх нь сорви өчигдөр авсан болов уу гэмээр цус нь шүүрсэн, арьс нь нурсан, бэртэх, шалбарах, ялангуяа хөлийн өсгий нь эвэршиж хагарсан байсан ч тэд юу ч болоогүй мэт бэлтгэлээ хийсээр л. Бэлтгэлийн үеэр зөөлөн дуугарах, бууж өгөхдөө ёс зүйг эрхэмлэх, биенийхээ үсийг боож өгөх, ус хүргэж өгөх, гарын алгыг нь арчиж өгөх, дэвжээгээ ээлжлэн шүүрдэх гээд өдөр тутмын бэлтгэлийн үйл явцыг нэг бүрчлэн гүйцэтгэж байлаа. Дэвжээний дасгалжуулагч гэж залуухан япон эр сүмочдоо алсаас удирдан чиглүүлж зөөлөн дуугаар зөвлөгөө өгөх аж. Түүний харц сүмочдоо хайрлаж энэрэх нь хэн нэгэн нь унах үед “дахиж хичээгээрэй, болоогүй байна шүү “ гэх харц илгээх юм. Бэлтгэл эхэлснээс нэг цагийн дараа Монголын Хошёорюү орж ирэв. Асрын хаалгаар орж ирэхдээ л Аса аваргыг санагдуулав. Ахынх нь хурц дайчин, шийдэмгий харц түүнд шингэж аралд нэрээ дуурсгаж явсан аргагүй л аваргын дүү гэдгээ батлах мэт. Тэрээр сүмочдоо ээлжлэн дуудаж бэлтгэл хийж эхлэв. Сүмочдын бэлтгэл хэрхэн хангагдаж байгааг аварга өөрийн биеэр шалгаж байгаа нь энэ юм байна. Олон сүмочидтой ээлжлэн барилдахдаа аварга өөрөө нэг ч унаагүй, харин бэлтгэл дутуу сүмочоо дахин дахин дуудаж барилдсан. Залуухан сүмоч бэлтгэлийн үеэр маш их ядарсан ч бууж өгөхгүй, эргэж хургалгүй явсаар аваргад өвдөг шороодов. Яг ядарч унах гэж байгаа сүмо бөхийг харахаар яасан хэцүү спорт вэ гэж хэн ч бодохоор. Бидний дэлгэцээр үздэг төсөөлөл, эд нарын бэлтгэл сургуулалт тэнгэр газрын зөрүүтэй. Бэлтгэлийн үеэр ийм байхад тэмцээний үед ямар байх нь тодорхой.
Сүмогийн орчин бол зөвхөн эрчүүдийн ертөнц төдийгүй тэдний амьдралын замыг тэгшитгэхэд гайхалтай орон зай эзэлдэг хүмүүжил, ёс зүйн спорт юм байна. Энэ орон зайд өөрийгөө хайж, таньж, бусдыг хайрлан энэрч, хүндэтгэх нь дэвжээний тойргоос нэг ч хором холдоогүй гэдгийг харлаа. Гаднаасаа харахад ихээ том биетэй харагдавч ээж аавынхаа хувьд нялх хүү нь . Харц нь зөөлөн сэтгэл нь цагаахан тэдний хувьд дэвжээ нь зөөлөн байж, алдрын зэрэгт хүрэх зам тань шулуун байхыг хүсэн ерөөе.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026. 03. 03 өдөр
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.