
Өнөөдөр БНМАУ-аа зарлан тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан Түүхт өдөр.
Энэ өдрөөр Монголын үе үеийн эх орончдоороо бахархаж, дурсах ёстой болов уу. Бүх цаг үед эх орон, газар шороо, тусгаар тогтнолын төлөө оюун санаагаа чилээж, үе мөнхөд хүндэтгэх хайрлах ёстой үнэ цэнтэй алтан сургаалийг нь санаж байх учиртай юм.
Тэд дайны талбарт буу бариагүй ч , Монголын ард түмний оюун санаанд эх орончдын дүрийг мөнхлөн үлдээсэн юм. Цаг үедээ бүтээсэн, туурвиж үлдээсэн яруу найрагт нь , үзэл санаанд нь, оюун бодол нь эх орны төлөөх "тулаан" оршиж байсан билээ. Тиймээс энэ эрхмүүд өнөөдөр бидний дунд сэрүүн тунгалаг оршсоор буй нь үнэн.
Цаг хугацаанд улам төгөлдөржин үлдээсэн тэдний яруу найргийн охь өнөөдөр хэчнээн их үнэ цэн дагуулж байгааг таашгүй. Бахархах эх орон, буух газар шороо, эргэж орших эх нутаг гээд тоочвол баршгүй сайхан бүтээлүүдийн эзэд бол миний хайртай багш Очирбатын Дашбалбар, ангийн минь хөвгүүн Хөөдөөгийн Эрдэнэбаатар маань юм.
Ийм сайхан эрхэмсэг оршдог эрчүүдтэй нэгэн цаг дор амьдарч, дэргэд нь байж, халуун дотно сайхан яриаг нь сонсч, яруу найргийн тунгалаг сайхныг мэдэрч явсандаа өнөөдөр би бахархаж сууна.
Тэдний маань хийсэн бүтээл бүхэн өнөөдрийн цаг үед итгэл авчирч, сэтгэл хөглөдөг учраас тэд ОЮУН САНААНЫ ЭХ ОРОНЧИД юм.
Та бүхний оюун санаанд бүтээгдсэн уран бүтээл яруу найргийн охь болсон дээжүүд улам оргилсоор, оршсоор байгаа шүү.
Сэтгүүлч В.Сарантуяа
Осака хот.
2023.09.26
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.