
Японы телевизийн сувгаар ийм нэвтрүүлэг гардаг юм байна. Хоол, эрүүл хүнсний талаар. Охиныхоо тусламжтайгаар бага зэргийн мэдээлэл авлаа. Тэнд нэг зүйлийг онцолжээ. ЯПОН ХҮНИЙ ИДЭХ ХҮНС. Шууд ойлгогдох орчуулга нь шүү. Энэ үг нь тухайн улс орны том амбиц, иргэдийнхээ эрүүл мэндэд маш их нөлөөлдөг юм байна гэж бодлоо. Монголоос Япон руу хүнс нийлүүлэх асуудал нь маш их шатлалтай, шалгуур нь өндөр гэж сонсч байсан. Барагтай хүнс нь хилийн дээсийг нь давдаггүй юм гэсэн. Тэгвэл өнөөдөр бид юу идэж, юу хэрэглэж байна вэ???.
Өглөө сэрэхэд л цэл залуухан залуус хорвоогийн мөнх бусыг үзэж цахимын нүүр эмгэнэлийн үгсээр дүүрдэг болж. Хэний ойр дотно, хайртай хүн нь хамаагүй зүгээр залуучууд маань цаг бусаар хорвоог орхиж байна. ЯАГААД. Юунаас болов, цаад учир шалтгаан нь юу юм. Хүнс юм уу, ковидын вакцин юм уу. Эсвэл гэр бүлийн хүчирхийлэл, стрессийн урхаг нөлөөлөл үү. Ид ажиллах, амьдрах, хайрлах насан дээрээ мөнх бусыг үзсэн залуусын ард нялх бяцхан үрс, бэлэвсэрч үлдсэн эхнэр, нөхөр, шар махтайгаа хатаж үлдсэн аав, ээж, ах дүү элгэн садан гээд тоочвол түмэн зовлон үүрсэн харц үлдэж байна.
Өнөөдөр бид том том улс төр, том стратегийн асуудлыг хөндөн тавьж байгаа хэдий ч цаана нь энгийн иргэдийн эрүүл явах эрх, амьд үлдэх тавилан харагдахаа болилоо. Өөр бас нэг сэтгэл эмзэглүүлдэг зүйл нь ХҮҮХДИЙН ХАВДАР. Хүүхэд хавдар тусдаг юм уу гэдэг ойлголт хэдийнэ ард үлджээ. Бяцхан хэл, хөлд орж амжаагүй үрс хавдартай боллоо. Хөөрхий эцэг эхчүүд нь байгаагаа барьж дуусаад аргаа бараад цахимд хандаж иргэдээс тусламж гуйх юм. Олон нийтэд хандсан энэ үед хэдэн сэтгүүлчид минь нийгмийн хариуцлагын хүрээнд очиж мэдээ, сурвалжилга бэлтгэж тусалдаг. Үүний үр дүнд олон ч хүнд тусалсан, хамгийн харамсалтай нь муу сэтгүүлчид гэсэн нэр зүүсээр л байна. Үнэндээ бол бидэнд өгөх ганц зүйл нь олон нийтэд мэдээллийг хүргэх МЭДЭЭЛЭЛ. Мэдээлэл түгсэний ачаар олон хүн туслах боломж олдог. Гэхдээ энэ бас гаргалгаа биш. Хамгийн гол нь хавдрын шалтгаан, шалтаг, учир жанцан нь юу юм.
Энэ сэдэв өргөн хүрээтэй учраас эхний ээлжид мэргэжлийн эмч нар, судлаачид, шинжлэх ухааны салбарынхан багийн хүрээнд ажиллаж, Монгол хүний эрүүл мэндэд санаа тавих цаг нэгэнтээ болжээ. МОНГОЛ ХҮН ямар хүнс хэрэглэх ёстой юм, эрүүл мэндийн хувьд бусад Азийн орнуудын иргэдээс ялгаатай нь юу юм. Жишээ нь, уур амьсгалын хувьд эрс тэс учраас агшаасан будаа кимчи гэх төрлийн хоол хүнс бидэнд таардаг юм уу гээд энгийн зүйлээс эхэлмээр санагдлаа. Монгол хүн цөөрөх тусмаа үндэсний эрх ашигт муугаар нөлөөлж, тусгаар тогтнолын баталгаа суларч байгаа нь цагийн аяст харагдаад л байна шүү.
Мөхөс миний бодлоор" МОНГОЛ ХҮН УРТ НАСЛАХ ЁСТОЙ" гэж бодож байна.
Японы наслалт дэлхийд дээгүүрт тавигдаж байна. Аргагүй. Энд бүх зүйл нь стандарт, ёс зүй, хариуцлага, хөдөлмөр, цаг гээд бүгд цогцоор байдаг. Япон хүний хэдэн настайг мэдэх боломжгүй. Наснаасаа илүү залуу, эрүүл харагддаг.Тэгэхээр иргэд нь эрүүл байвал улс эх орон нь улам л хөгжөөд цэцэглээд байдаг юм байна шүү.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2023.09. 20
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.