
Хүүхэд насны амьдрал гоё шүү. Одоо хүүхдүүдээ харахаар тэс өөр нийгэмд, тэс өөр орчинд өсч байгааг нь харахаар одооны хүүхдүүд азтай л санагддаг.
Бидний хүүхэд нас хөгжилтэй, дурсамж ихтэй байж дээ. Байгаль эхтэйгээ илүү ойрхон, амьд харилцаа ихтэй байж. Гадаа тоглоно. Гарах гэж бөөн юм болно. Нэгдүгээр дүрэм гэрээ цэвэрлэж, хоолоо хийсэн байх ёстой. Ингэсний дараа 2 цаг гадаа гарч тоглох эрх олгогдоно. Гадаа тоглохдоо гэрийнхээ ойролцоо тоглох. Тоглох хугацаандаа айлын хүүхэдтэй муудалцахгүй, шоолохгүй, зодолдохгүй. Зодолдвол хоёр айлын аав ээж нарт хамтад нь загнуулна. Тэд биднийг хэзээ ч өмөөрөхгүй. Хохь нь яах гэж хүнтэй мууддаг юм, чиний л буруу. Тоглох эрх авсны дараа заавал хичээл хийнэ. Хичээл хийхгүй бол дараагийн өдрийн гаралт байхгүй. Өглөө эрт босно, хичээлээс хоцрохгүй.Арван жилд байхдаа өсвөр насан дээр ирэхээр хайр дурлалын асуудал гарч ирнэ. Анхны эхлэл нь захиа. Захиаг бол жинхэнэ утгаараа үйлдвэрлэнэ. Ихэнхдээ хөвгүүд захиа өгөх бөгөөд үг нь адилхан, бичгийн хэв нь өөр байх жишээтэй. Би ч олон охидын захиаг зөөсөн дөө. Өөртөө нэг ч захиа авч үзээгүй ш дээ. Энэ бол эрэгтэй хүүхдүүдтэй их найзалсны гор байх. ..
Хайрын захиаг дагаад зуны улиралд таван салаа ургамал жинхэнэ үйлээ үздэг байсан байх. Охид энд тэнд суучихаад таван салааг хайр найргүй тасдаад, хөвгүүнийгээ хайртай, хайргүйг шалгана. Заримынх нь хайр сэтгэл бүтэмжтэй бол өнөө муу таван салаагаа дахин тасдаад ирээдүйнхээ хүүхдийн тоог эр, эмээр нь ялгаад гарах жишээний, аймаар уу???. Заа тэгээд энэ захианы түүх дуусахгүй. Өнөө хөвгүүнтэйгээ орой үдшийн цагаар явна, хааяа даа үүр цайтал ярьж сууна гээд бас бус юм болно оо. Яг энэ тохиолдолд бид гэртээ орохдоо үсээ зангидаад орно. Үсээ зангидахаар аав ээж зангинахгүй гээд ямар чөтгөр нь шивнэсэн юм бүү мэд. Би лав зөндөө үсээ зулгааж зангидаж л явсан. Надад нэг ч удаа тус болоогүй. Эргүү болтлоо загнуулж байв. Заа бидний үеийн хэрэглээ гэж тансаг шүү дээ. Орос бохь гэж аатай сайхан эд. Зажлаад л байна хаяхгүй. Гашилчих гээд байвал хүйтэн усанд сойж байгаад хөргөгчиндөө хийчихнэ. Дараагийн долоо хоног найдвартай бохьтой. Тэр бохь зүгээр хаягдахгүй.. Будгийн харандааныхаа үзүүрийг тасдаж аваад бохьтойгоо нийлүүлээд зажлахаар өнгө өнгийн бохь болж хувирдаг. Бохины хомсдол үүсэхээр замын хар зажилна. Ингэж ярихаар манай хоёр ээж, та жинхэнээсээ яриад байгаа юм уу гээд нүд нь бүлтийдэг ш дээ ха ха. Үнэн шүү дээ. Цаг үе ийм л байсан гэдэг. Заа тэгээд зуслангийн хүүхдүүд гээд бүлэг нөхөд. Гурван сарын хугацаанд жинхэнэ бужигнана даа. Орой үдшийн цагаар сүнс дуудаж тоглоно. Одоо бодохоор хэнийхээ сүнсийг дуудах гэж нойргүй явдаг байсан юм бол бүү мэд. Цагаан нөмрөгтэй , цагаан үстэй.... ийй, иий гээд л. Жинхэнээсээ айдаг байсан, айх гэж цуглардаг байсан юм уу хаашаа юм
Энэ мэт хүүхэд насаа дурссан сайхан байна шүү. Хааяа ч гэсэн хүүхэд насныхаа хөтөвчинд сууж байгаарай.
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.