
Хүн төрөлхтний түүх эргэлтийн үе дээрээ иржээ. Энэ эргэлтэд бид бэлэн үү. Саяхан болж өнгөрсөн Дэлхийн эдийн засгийн форумд хамгийн чухал нэг сэдэв яригдсан нь ажиллах хүчний чанарыг бэлтгэх. Ингэхдээ одоо дэлхий дээр байгаа ажлын байр устах боловч түүнээс илүү шинэ ажлын байр бий болно гэж судлаачид үзээд байгаа аж. Тэдний үзэж буйгаар 2030 он гэхэд хиймэл оюуны тусламжтайгаар 98 сая ажлын байр шинээр бий болно гэжээ. Гэхдээ энэ нь зөвхөн хиймэл оюуны мэдлэг, боловсролтой иргэнд хамаарах тоо баримт. Өөрөөр хэлбэл, ажил олгогчид ажилд авна гэсэн зар тавихгүй,тэд боловсон хүчин ажиллах хүчээ хиймэл оюуны туслалцаатай шийднэ гэсэн үг. Өнөөдрийн нөхцөлд хиймэл оюуны сургалтыг нутагшуулж ирээдүй хойч үеэ цаг хугацаатай нь зэрэгцүүлэх зорилгоор Хятад, Австрали, Англи улсад 2026 оноос эхэлж хиймэл оюуны хичээлийг сургалтын хөтөлбөрт нэгдүгээр ангиас нь эхэлж оруулаад байна. Хиймэл оюун ухаан дээр суурилсан бүтээгдэхүүнийг төрийн бодлогын төвшинд ийнхүү бэлтгэж эхэлсэн нь бидний хувьд тоохгүй өнгөрөөх сэдэв огтхон ч биш. Бид бүгдээрээ хиймэл оюун ухааны мэдлэгтэй болохгүй бол хүний тооноос хасагдах шинэ эрин үед аж төрж эхэллээ.
ОБУНА “ХИЙМЭЛ ОЮУНЫ ЗУУЧЛАГЧ “
Уг нь өөрийнх нь нэр Б. Болор- Эрдэнэ. Гэхдээ Обуна гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрээр “Al Academy Asia “-гийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Давосын чуулганд хоёр дахь удаагаа амжилттай оролцоод иржээ.
Дэлхийн эдийн засгийн хамгийн том чуулганд ийнхүү оролцоод ирсэн нь үнэхээр нэр төрийн хэрэг юм. Тэр дундаа өөрийн үеийнхний залуусыг төлөөлж, дэлхийн дэвжээнд хиймэл оюун ухааны талаар оюуны тоглолт хийнэ гэдэг нь монгол залуус оюун ухааны чадамж өндөр гэдгийг баталсан үйл явдал гэж харж байна. Обуна өнгөрсөн хугацаанд энэ бүхэнд хэрхэн бэлтгэж оролцов гэдэг нь сонирхол татлаа.
Хиймэл оюун ухааныг яагаад сурах ёстой вэ. Түүний санаачилсан цаашдаа ч өөрийнх нь нэрээр “авторлагдаж” явах байх. 2025- 2026 оны хугацаанд “Үндэсний хиймэл оюуны аян” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Уг аяны хүрээнд Монгол улсад анх удаа 500 багшийг хиймэл оюун ухааны мэргэжлээр дөрвөн сарын хугацаанд үнэ төлбөргүй, цахим хэлбэрээр бэлтгэжээ. 2026 онд ч энэ хөтөлбөр дахин хэрэгжиж байна. Обуна зөвхөн багшийн бэлтгэл бэлдээгүй бөгөөд бага ангийн хүүхдүүдийг хиймэл оюун ухааны сургалтад сургаж эхлээд байгаа аж. Түүний бэлтгэсэн багш нар өнөөдрийн байдлаар 10 мянган хүүхдүүдэд хиймэл оюун ухааны мэдлэгийг олгосон гэжээ. Тэгэхээр цаашдаа Монгол Улсад хиймэл оюун ухааны тусгай мэргэжилтнүүдийг бэлтгэх шинэ цагийн хаалгыг яах аргагүй Обуна нээж чадсан байна. Түүний эхлүүлсэн энэ ажил боловсролын тогтолцоог өөрчлөх цаг болсон гэдгийг давхар хэлээд байгаа юм. Олон улс орнуудад хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж үүнийг дагасан шинэ ажлын байр, мэдлэг, боловсролын суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм бүсгүйд халуун баяр хүргэмээр байна. Аливаа зүйлийг тууштай хийнэ гэдэг нь ямар их үр дүнд хүрдэг гэдгийг өөрөөс тань харлаа. Мөн Grammy- д монгол охин оролцож, дэлхийн нэр хүндтэй хүмүүстэй мөр зэрэгцэж байсан чинь үнэнхүү бахархмаар үйл явдал байлаа. Өмссөн даашинз чинь таны тархины хэмжээсийн дэргэд зүгээр л нэг сайн чанарын даавуу шүү. Тэр бол дараагийн асуудал. Харин хиймэл оюун ухааны суурийг хүүхэд залуучуудад бэлтгэж өгч сэтгэл зүрх цаг заваа гаргаж байгаа өөрөөр тань бахархаж байна.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026. 02.04.
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.