Юуны түрүүнд сэтгүүлч С. Бүдрагчаад талархал илэрхийлье. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зарчим яг л ийм байдаг. Маш олон эх сурвалжтай уулзаж, үүнийгээ баталж нотлох гэж урт удаан хугацааг зарцуулдаг. Тэр дундаа үйл явдлын мөрөөр нэг орсон бол замын дундаас сэтгүүлч буцах эрх байдаггүй юм. Учир нь, сэтгүүлчийн тавьж буй асуудал нь тухайн улс орны нэр хүнд, хувь хүний амьдрал гээд олон зүйл гарах учраас бүх материал баримтаар хамгаалагдсан байх ёстой. Ийм зарчмаар явсан баримт тулгуурласан “Боолчлогч” нэвтрүүлгийг үзээд санал бодлоо нээлттэй бичье гэж бодлоо. Харь хүний амь хямдхан, өөрийн хүнийх үнэтэй гэх зарчим хэзээ ч байж болохгүй.
Монгол Улс хуультай. Хуулиараа бүх зүйл зохицуулагдах учиртай.
ТЕРРАЛ АТИЕНЗА БҮСГҮЙН ТЭМЦЭЛ
Хүүхэд байхаасаа ядуу тарчиг амьдралд нухлагдаж өссөн Филиппин бүсгүй өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа үр хүүхдүүддээ харуулахгүй гэсэн мөнхийн мөрөөдөлтэй амьдарчээ. Ямар ч эх хүн үр хүүхдийнхээ төлөө бүхнийг чадагч болж хувирдгийн нэг жишээ энэ. Тэрбээр шүдний эмчийн туслах ажилтай, нөхөр нь цахилгааны мэргэжилтэй, дөрвөн хүүхэдтэй, эгэл жирийн филиппин ээж байв. Бусдын боддог зүйлийг бодож. Хүүхдүүдээ боловсролтой болгох нь энэ гэр бүлийн хамгийн том мөрөөдлийн нэг хэсэг байжээ. Харин энэ мөрөөдлөө гүйцээхийн тулд гадаадад гарч гэрийн үйлчлэгчээр ажиллах нь хамгийн зөв зам гэж тооцож. Ингээд тэдний хөрш Атиензад Сингапурт гэрийн үйлчлэгчээр явуулдаг газар байна. Түүнд бүртгүүл гэж зөвлөсөн аж. Үүний дагуу Филиппин улсад үйл ажиллагаа эрхэлдэг “AllPro” агентлагт хандсанаар Сингапур улсад гэрийн үйлчлэгчээр ажиллах албан ёсны эрхээ хоёр жилийн хугацаатай авч чаджээ. Энэ агентлаг нь гадаад улсад хөдөлмөр эрхлэлтийг зуучилдаг газар аж. Тэд зуучлалын төлбөрт 1620 ам.долларыг Атиензагаас авсан байна. Энэ мөнгө бол түүний хувьд маш их төдийгүй гэр бүлийнхээ бүхий л зүйлээ шавхаад ч хүрээгүй байна. Хамгийн эхлээд нөхрийнхөө ганц амьжиргаа залгуулдаг мотоциклийг худалдсан боловч өнөө мөнгөнийхөө хаана ч хүрээгүй учраас ах дүү найз нөхдөөсөө мөнгө зээлээд явжээ. (Яг л манайхан Солонгос руу ингэж явдаг).
Филиппин улсын хувьд 118 сая хүн амтай, хамгийн доод цалин сарын 150 ам. доллараар цалинжина. Тиймээс амьжиргааны зардлаас гадна сурч , боловсрох нөхцөл байдаггүй учраас филиппин олон эмэгтэйчүүд Япон, Солонгос, Сингапур улсыг зорьж гэрийн үйлчлэгчээр ажилладаг байна. Ялангуяа Сингапур улсад ажиллана гэдэг бол тэдний хувьд том боломж байдаг байна. Тэд соёлтой, боловсролтой, ёс суртахуун өндөртэй иргэд учраас гэрийн үйлчлэгчтэй ёс бусаар харилцдаггүй учраас филиппин бүсгүйчүүд ажиллах сонирхолтой байдаг байна. Тиймээс тэрбээр хайртай ээж, үр хүүхдүүд, хань нөхрөө орхиод харийн нутагт хар ажил хийхээр явсан юм.
Гэр бүлийнхээ сүүлчийн мөнгийг шавхаад явсан бүсгүй тухайн үед юу бодож, юунд шаналж үлдсэнийг өнөөдөр хэн ч таахгүй биз. Гагцхүү сүүлчийн үлдсэн мөнгөөрөө амтат жигнэмэг авч, нөхөр хүүхдүүдтэйгээ идээд инээлдэж хөхрөлдөөд явсан дүр зураг нь гэр бүлийнх нь цомогт үлджээ.
Ядуу амьдралд нухлагдахгүйн тулд байгаа бүхнээрээ дэнчин тавьсан учраас тэд хамтдаа онгоцны буудал руу хамт явж чадаагүй юм. Гэсэн хэдий ч тэд аз жаргалтай байв. Тэдэнд энэ амьдралыг өөрчлөх итгэл найдвар нь Сингапурт очих байлаа. Атиенза тэнд очоод гэрээнийхээ дагуу ажиллаж, хөдөлмөрлөж гэрийнхэнтэйгээ холбогдож мөнгө төгрөг явуулж овоо жигдрэх тал руугаа явж. Хэдий ийм байсан ч үр хүүхдүүдээ санаж бэдгэрч нутаг явахаар шийдэж ажил олгогчдоо энэ тухайгаа хэлсэн байна. Харамсалтай нь, ажил олгогч талынхан “ чи хоёр жил ажиллах гэрээтэй. Заавал гэрээгээ дуусгахгүй бол төлбөр тавина, эсвэл шоронд хийнэ” гэж айлган сүрдүүлсэн байна. Ингээд ажил олгогч талаас үлдсэн зургаан сараа Монголд ажиллаж дуусга гэжээ.
ЖАРГАЛ БУЛААСАН ЗУРГААН САР
2011 оны 6 дугаар сарын 19- ний өдөр.
Энэ өдөр Филиппин улсын иргэн Террил Атиенза Сингапур- Бээжин- Улаанбаатар чиглэлийн МИАТ- ын нислэгээр Монгол Улсад газарджээ. Түүнийг тосч авсан хүн бол “Эрэл “ группын үүсгэн байгуулагч Б. Эрдэнэбатын эхнэр, (тухайн үед буюу 2011 онд) Австри улсын Өргөмжит консул асан Даваахүүгийн Сэргэлэн байсан юм.
Д. Сэргэлэн түүнийг тоссон даруйдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн амын үзүүрт байдаг хаустаа авчирсан байна. Тодруулж хэлбэл, Өргөмжит консул асан эмэгтэй филиппин эмэгтэйг гэрийн үйлчлэгч биш, шууд “боол “болгон хувиргасан аж.
Атиензагийн хуучин муу гар утас, компьютерийг нь хураан авч, гэр бүлтэй нь бүтэн таван сарын хугацаанд холбоо бариулаагүй байна. (Хөөрхий дөө, энэ хугацаанд энэ бүсгүй хэчнээн их зовсон бол доо. Хүний газар гэрийнхэнтэйгээ холбоо барихгүй бол би галзуурна).
Д. Сэргэлэн гэх энэ эмэгтэйг ямар учраас тухайн үед Өргөмжит консулаар томилсныг, яагаад гадаад иргэнийг цалин хөлсгүй ажиллуулсныг, гэр бүлийнхэнтэй нь яагаад холбоо бариулахгүй байсныг, таван сарын хугацаанд түүнийг зөвхөн зарцлаад зогсохгүй, бие сэтгэл санааны хүчирхийлэлд байлгасныг олж тогтоож заавал хуулийн хариуцлага хүлээлгэх нь өнөөдрийн хувьд маш чухал байна. Хууль хяналтынхан энэ бүх баримтыг дахин шалгах хэрэгтэй.
ЖААЖАА ЖАНЧИГЧ УУ, ХҮЧИРХИЙЛЭГЧ ҮҮ, АЛУУРЧИН УУ?
Хэргийн үйл явцыг сонсохоор ийм асуулт зайлшгүй гарч ирээд байна. Б. Эрдэнэбатын том хүү юм байна. Талийгаач эмэгтэй нөхөртэйгээ хамгийн сүүлд ярихдаа” Жаажаа намайг байнга зодож дээрэлхдэг” гэж хэлж амжжээ. Болсон үйл явцаа бүтэн ярьж амжаагүй ч ерөнхий байдлаа хэлсэн байна. Тэгэхээр Жаажаа гэдэг этгээд түүнийг байнга дарамталж зодож хүчирхийлж байсан уу. Энэ бүхнийг цаг хугацааных нь дарааллаар олж тогтоох шаардлагатай. Энэ хүн одоо хаана ямар ажил хийдэг юм. Өмнө нь юу хийж байсан, гадаад улсад үнэтэй хаусанд амьдардаг гэсэн сошиалын мэдээлэл байсан. Олон хөвөрсөн асуултын хариу нь энэ Жаажаад байгаа юм биш үү?.
АНХНЫ МӨРДӨГЧ ЭМЭГТЭЙ ХААЧИВ?
2011 оны 11 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүний амь нас хохирсон дуудлага иржээ. Уг дуудлага нь Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Эрэл” компанийн хувийн орон сууцанд гадаадын иргэн нас барсан гэжээ. Дуудлагаар Хан- Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн томилогдож очиход гэмтэл ихтэй, хутганы сорвитой эмэгтэйн цогцос байсан байна. Тухайн үед Хан- Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Н. Мөнхзул хэргийн газар очиж үнэн бодит дүгнэлт гаргаж яаралтай Шүүх шинжилгээний үндэсний төвд хүргүүлжээ. Үндэсний төвийн шинжилгээний дүнгээр талийгаачийг амиа хорлосон гэж гарч, холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хэрэг үүсгэсэн байна. Гэсэн хэдий ч анх шалгаж байсан мөрдөн байцаагч нь гэнэт солигдож уг хэргийг өөр мөрдөн байцаагч хянахаар болсон байна. Шинэ мөрдөн байцаагч ажилласнаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээч хамтарч ажиллаж эхэлжээ. А. Амгаланболд, О. Сарангэрэл, Б. Ууганбаатар гэсэн гурван шинжээч эмч нар задлан хийгээд талийгаач эмэгтэйг хоолны хордлогоор нас барсан гэж дүгнэжээ.
Монголын шинжээч эмч нарын хоолны хордлогоор нас барсан гээд байсан филиппин эмэгтэйн цогцос харин нутагтаа зүрхгүй, бөөргүйгээр тээвэрлэгдэж очсон гэдэгт одоо ч итгэж чадахгүй нь.
ЗҮРХИЙГ НЬ ЗҮСЭЭД ҮЛДСЭН ХҮН, ХҮН МӨН ҮҮ?
Монгол хүний зүрх сэтгэлд элэг зүрх хамтдаа явдаг. Хүний нутагт амьдрал хайж ирсэн дөрвөн хүүхдийн ээжийнх нь амь насыг хохироогоод, (бичихэд ч хэцүү) зүрх, бөөрийг нь аваад үлдсэн хүн та монгол хүн мөн үү?
Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг дээрэмдэж тоносон, Монгол төрийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Б. Эрдэнэбат, түүний эхнэр Д. Сэргэлэн түүний хүү, гэр бүлийнхэн та нарын хууль бус бизнес, хүн ёсноос гажууд хийсэн үйл бүхнийг чинь жигшин зэвүүцэж байна. Тийм учраас энэ хэргийн үйл явцыг архивлах зорилгоор ийнхүү бичлээ.
Цаашдаа энэ хэргийг хэрхэн үнэн зөв шийдэхийг харж ажигласаар байх болно.
Шударга ёс удаан ирдэг ч үргэлж ялдаг юм шүү.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2025. 12. 12 өдөр
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.